“Малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх системийг сайжруулах” төслийн оролцогч талууд хуралдлаа

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Францын Мал аж ахуйн хүрээлэн хамтран “Малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх системийг сайжруулах” төслийн оролцогч талууд, удирдах хорооны уулзалтыг  өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлсэн юм. Тэрбээр 2018 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр Монгол Улсын мал сүрэг 66,4 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 0,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Малын чанар, үйлдвэрлэг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, гарал үүслийг тодорхойлох, малын эрүүл мэнд болон малын хулгайтай тэмцэх олон ажлын үндэс суурь нь малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн сан бий болгох асуудал юм. Иймээс мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мал малын гаралтай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжих зорилтыг ХХААХҮЯ өмнөө тавин ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс баруун таван аймгийн мал сүргийг бүртгэлжүүлэх, нэгдсэн сан бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ байдлаас үзэхэд малыг бүртгэлжүүлэх ажил нэн шаардлагатай байгааг харуулж байна. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж, бодлого, үйл ажиллагаагаа энэ чиглэлд хандуулж байгааг онцлов.

Оролцогч талуудын энэхүү уулзалтаар тухайн төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, үе шатууд, талуудын гүйцэтгэх үүрэг, хамрах цар хүрээг тогтоож санал солилцлоо. Удирдах хорооны хурлаар ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр малын хулгайтай тэмцэх, шилжилт хөдөлгөөн, малын удам гарвал, ашиг шим, үүлдэрлэг байдал болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр гарал үүслийг тодорхойлох юм.