“Малын үрэнд тавигдах ерөнхий шаардлага” Монгол улсын стандартын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар “Нутаг академи” төрийн бус байгууллагаар холбогдох хуулийн хүрээнд гүйцэтгүүлж буй “Малын үрэнд тавигдах ерөнхий шаардлага” Монгол улсын стандартын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн зөвлөхүүд оролцов.

Монгол улсад өсгөн үржүүлж байгаа үржлийн гойд ашиг шимт болон шилмэл үржлийн азарга, бух, хуц, ухнаас үр авах, үрийг үнэлэх, шингэлэх, үнэлгээ хийх, ичээх, хөлдөөх технологид нийцүүлэн нэгтгэн боловсруулах, захиалагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тавигдах ерөнхий шаардлагыг тодорхойлох стандартын төслийг шинэчлэн боловсруулах ажлыг гүйцэтгэх зорилготой юм.

1. Боловсруулсан төсөл нь Монгол улсын стандартад тавигдах шаардлагыг хангасан байна.

2. Монгол улсын дараах стандартуудыг нэгтгэн Малын генетик нөөцийн тухай хуулийн зохицуулалт болон олон улсын дэвшилтэт технологийн ололтод нийцүүлэн шинэчлэн боловсруулна. Үүнд:

– Үржлийн бухны үр МNS 1633 : 1972;

– Үржлийн хуцны үр МNS 1634 : 1972;

– Үржлийн ухны үр МNS 1635 : 1972;

– Хуцны хөлдөөсөн үр. Техникийн шаардлага МNS 4876 : 1999;

– Ухны хөлдөөсөн үр. Техникийн шаардлага МNS 4989 : 2000;

– Монгол азарганы хөлдөөсөн үр. Техникийн шаардлага МNS 5262 : 2003;

– Мал аж ахуй. Араб азарганы хөлдөөсөн үр МNS 5931 : 2008.