ВИДЕО: Б.Содномдаржааг эрүүдэн шүүж буй бичлэг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд байсан юм.

Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой чухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм.

Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

-ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ-

УИХ-ын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л дэлгэсэн байдаг.

Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.

Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг.  Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.