Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 45 арга хэмжээг гүйцэтгэж байна

Хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж байна. 2019 онд Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болох 963,9 сая төгрөгөөр  45 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 690 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 28 ажил буюу явган зам, тоглоомын талбай, явган хүний гүүрэн гарц, гэрэлтүүлэг зэрэг ажлууд хийгдэх бол Баян-Өндөр сумын Эгшиглэн, Хэмнэл соёлын төвүүдэд техник хэрэгсэл, зарим багийн ахмадын байранд тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөгдсөн байна.

2019 онд Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 4,050м квадрат явган хүний зам, 10 байршилд тоглоомын талбай, 4 байршилд гэрэлтүүлгийн ажил, Яргуйт хөтөл хэсэгт гүний худаг, малчин хороололд бэлчээрийн гаргах ажлууд тус тус хийгдэх юм.

Одоогийн байдлаар Зэст баг холбооны уулзвараас барилгачдын талбай хүртлэх явган хүний зам, Даваат баг 22-р цэцэрлэгийн урдах явган хүний зам, авто машины зогсоол гэрэлтүүлгийн ажил, Шанд багийн авто зам дагуух явган хүний зам, Наран баг 23, 53, 54, 55, 59-р гудамжинд хийгдсэн явган хүний замын ажил, Говил баг авто зам дагуух гэрэлтүүлэг, Оюут баг 8-р сургуулийн гадна талбайн тохижилтын ажлууд хийгдэж дууссан байна.