ЭМЯ: АВСТРАЛИ УЛСЫН ИРГЭНИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, өчигдөр (2020.02.05)-ийн байдлаар коронавирусийн халдварын 24000 тохиолдол бүртгэгдэж, 492 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр (2020.02.06) 08:00 цагийн байдлаар нийт халдвар авагсдын тоо 28262 болж, нийт 565 хүн нас барсан байна. Вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт хоёр хувьтай байгаа ажээ.

Өнөөдрийн хуралд ХӨСҮТ,  Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцов.

ДЭМБ-ын тусламжтайгаар Монгол Улс эм, эмнэлгийн ажилчдын хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалтын нөөцийг ирэх долоо хоногоос авчрахаар болжээ. Одоогоор эмнэлгүүд бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эм эмнэлгийн ажилтнуудын  хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөц буй юм байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, коронавирусээс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эмч нарын хүчин чадлыг ч бас нэмэгдүүлэх, өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг сургах мэдээлэл өгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж.