БНТУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд М.Ахмет: Эмчилгээг Монголын найрсаг эмч нарын хяналт дор үргэлжлүүлж байна

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 болсон. Турк улсын иргэдээс COVID-19 илэрсэнтэй холбоотойгоор БНТУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал фэйсбүүк хуудсандаа дөрөвдүгээр 4-ний өдөр буюу өнгөрсөн бямба гарагт ийнхүү бичжээ. Тэрбээр “Би ийм төрлийн мэдээллийг хуваалцаад байдаггүй. Гэхдээ Зэенэп болон хүүхдүүдийн талаар мэдээлэл өгмөөр байна.

Удаан хугацааны аялал буюу бараг хоёр өдөр зарцуулсны дараа Зэенэп, Ахмет Ишик, Умая гурав Улаанбаатарт ирсэн. Бид энд гурав орчим жил амьдарч байна. Тэднийг ирэнгүүт гэрт нь тусгаарлахын оронд эмнэлэгт тусгаарлахаар авч явсан.

Тэдний биеийн байдал сайн байгаа. Зэенэп болон Ахмет Ишикийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг, Умаягийн хариу сөрөг гарсан. Хоёр дахь удаагаа шинжилгээ хийхэд мөн адилхан хариу гарсан. Бусад бүх шинжилгээний хариу хэвийн. Тэдэнд хуурай ханиалгах, халуурах зэрэг нүдэнд харагдахуйц халдварын шинж тэмдэг илрээгүй. Тэдний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээг Монголын найрсаг эмч нарын хяналт дор үргэлжлүүлж байна.

Хэрэв тэд Турк улсад байсан бол гэртээ тусгаарлагдах байсан. Гэхдээ Монголын дүрэм журам өөр. Одоогоор бидэнд тулгамдаж буй ганц асуудал нь Умаягийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул ээж, ахаасаа хол өрөөндөө ганцаараа байх шаардлагатай тулгарсан.

Мөн энэ үйл явцад бидний дургүйг хүргэж, урам хугалсан зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж буй худал мэдээлэл. Энэ нь намайг болон Зэенэпийг эмзэглүүлж байна. Бид Монголын ард иргэд, байгальд нь дурлаж энэ улсыг гэр шигээ бодож ирсэн. Адил төрлийн худал мэдээлэл Туркэд мөн гарч байгаа нь ялангуяа Зэенэпийн санааг зовоож байна. Үнэн эцэст нь ялан дийлнэ гэдэгт итгэж байна” хэмээжээ.