Айсуй 4 жилийн төрх

МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Ялсан намын Засгийн газар байгуулагдаж, сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрөөрөө 2016–2020 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах учиртай.

Урьдах жилүүдийг бодоход үнэмлэхүй олонхтой учир сөрөг хүчин нь хурал хаяж, завсарлага авах мэтээр ирц хүрэхгүйн зовлонд унахгүйгээр ёстой л ногоон гэрлээр амласнаа биелүүлэх боломж бүрдэв.

Эхний хүлээлт. Мэргэжлийн, дан дээлтэй Засгийн газар

Наадмаас өмнө Засгийн газар байгуулагдах сурагтай. Нэг нам юм хойно хэлэлцэж, шийдэж удах юу байхав. Тэгээд ч сонгуулийн өмнө задарсан бичлэгт дурдагдсан “60 тэрбум босгох” төлөвлөгөөгөөр багцаалж бодоход Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд байтугай яамдын ахлах мэргэжилтнүүд хаана, хэн нь байх нь шийдэгдсэн асуудал. Сошиал медиагаар Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, Сангийн сайдаар С.Бямбацогт, Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил гэх зэргээр таамаг хөвөрсөөр. Таамаг ч яахав, гол нь МАН амласнаараа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахыг хязгаарлаж чадах болов уу? Хязгаарлана гэснээс бус хориглоно гээгүй гэж мэтгэх юм болов уу?

Давхар дээлэндээ ч учир биш. УИХ-ын гишүүдийн сонирхлын зөрчил, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдал зэрэг олон шийдэх ёстой асуудлын илрэн гарах хэлбэрийн нэг болж давхар дээл өмссөөр ирсэн. Давхар дээлээ тайлахаар шийдсэн бол нэг мөр энэ мэт “болохгүй”-ээ шийдчихвэл тун хэрэгтэйсэн.

Энэ байгуулагдах Засгийн газрын онцлог нь богино хугацаанд, эдийн засгийг тогтворжуулах, мэргэжлийн өндөр ур чадвартай гишүүдээс бүрдэх ёстой. Одоо хэн томилогдож, хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг биднээс асуух нь

Өнгөрөгч оны сүүлээс эхлэн Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай эсэх дээр талуудын дунд хэлэлцүүлэг өрнөж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол зүгээр ч нэг хуулийн өөрчлөлт биш амьдран буй нийгмийнхээ тоглоомын гол дүрмийг өөрчлөх тухай асуудал.

Сонгуулийн дүр зургийг харахад, сонгогчдын боловсрол ёстой түүхийгээрээ байна. Ийм нөхцөлд Үндсэн хууль өөрчлөх эсэх тухай асуултад ухаалаг хариулт өгч чадах юм болов уу? Одоогийн Үндсэн хуулийн хэрэгжилтийн болон өөрчлөх хувилбарынхаа үр нөлөөний судалгааг хараат бусаар гүйцэтгэж, орой руу нь ортол тайлбарлаж, таниулсаныхаа дараа биднээс асуувал яана вэ? Харанхуй бүдүүлэг байдлыг минь ашиглаж, өөрсөддөө ашигтай шийдэл гаргуулахаар улайрахыг нь үгүйсгэх аргагүй.

Төсвийн зардал ихсэх төлөвтэй. Гэвч хаанаас олох вэ?

Манай хэд төсөв, мөнгөн дээр тун ч хатуу гартай байж, эдийн засгийн хямралаас гаргахаар амласан юм. Гэхдээ бэлэн мөнгөний амлалтуудыг нь жагсаан үзэхэд төсвийн зардал багасахгүй нь тодорхой.

Эхний ээлжинд цалин, тэтгэвэр үе шаттай нэмэгдэнэ. Дунджаар төсвийн зардлын 30 гаруй хувийг цалингийн зардал эзэлдэг, энэ амлалтаар бол 40–45 хувь нь эзлэх төлөвтэй. Үүн дээр нэмэгдэн эрүүл мэндийн салбарын санхүүжилт 2 дахин, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилт 5 дахин нэмэгдэнэ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэсэн тул дор хаяж, 100–150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг 300 гаруй хэрэгтэй болно гэсэн үг. Энэ цэцэрлэгүүдийн жил бүрийн урсгал зардал, багш нарын цалин хөлсийг бас тооцох учиртай.

Мөн хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, оюутны төлбөрийн зээл, цалинтай ээж, өрх толгойлсон гэр бүлийн тэтгэмж, “насны хишиг” тэтгэмж, гарааны бизнесийн зээл, ипотекийн зээл гэсэн төсвийн зардал, үүн дээр нэмэгдэн 2017 оноос эхлэн Чингис бондын төлбөрийг төлж эхлэнэ. Эдгээр зардлыг хаанаас санхүүжүүлэх нь тун тодорхойгүй байна. Амлалт ёсоор бол нэмж зээл авахгүй, төсвийн алдагдлыг багасгах ёстой ч эдгээр зардлын хажуугаар энэ амлалт хэрэгжих нь эргэлзээтэй.

Эрэмбээ тодорхойлъё

Өмнөх парламентын үед баталсан ч, хэрэгжилт нь энэ парламентын үед эхлэх учиртай Захиргааны ерөнхий хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтэд шаардагдах дэд бүтэц, хөрөнгө санхүүгийн нөөц хэр вэ? гэсэн асуулт зайлшгүй тавигдана. Өмнөх парламентын гийж гялтайх ажил нь яалт ч үгүй эдгээр хуулиудыг баталсан явдал юм. Иймд дээр дурдсан бэлэн мөнгөний тараалтынхаа урьдаар хүний эрхийг дээшлүүлэх, тогтолцооны шинэчлэл авчрах гол хуулиудынхаа хэрэгжилтэнд эхлээд зардал гаргамаар байна.

Ээжүүд цалинтай болохыг хүссэн үү?

Бүх шатны эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж болон чанар, хүүхдэд ээлтэй хот төлөвлөлт, эмэгтэй хүйсийн онцлогоо харгалзсан хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх институт гээд энэ улсад ээжүүдэд ээлтэй төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үе үеийн парламент, Засгийн газраас энэ чиглэлд дорвитой шинэчлэл хийхийг хүссээр ирсэн ч бэлэн мөнгө тарааж, ам таглах төдийхнөөр аргацаасаар ирсэн. Цаашдаа ч аргацаасаар байх бололтой. Иймээс ээжүүд нэгдэж, үр дүнтэй, цогц бодлого нэхэх шаардлагатай байна.

Шүүхийн шинэтгэл хэрхэн үргэлжлэх вэ?

Шүүгчийн сонгон шалгаруулах тогтолцоог боловсронгуй болгоно. Түүнчлэн шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс шүүгч бүрт хувийн хэрэг нээж, шийдвэрлэсэн хэрэг маргаан нь дээд шатны шүүхээр өөрчлөгдсөн тохиолдол бүрт зөрчлийн оноо тооцон, хариуцлагыг дээшлүүлэхээр амласан.

Шүүгч сонгон шалгаруулах явцад Шүүхийн ерөнхий зөвлөлийн оролцоог зохистой байлгах, шүүгчийг бүхий л этгээд (ялангуяа ШЕЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч)-ээс хараат бус ажиллах эрх зүйн орчинг бий болгох шаардлагатайг практик нотолсоор байна. Ялангуяа нэг нам дангаар эрх барьж буй, магадгүй дараагийн Ерөнхийлөгч тус намаас сонгогдох тохиолдолд шүүгч, шүүхийн байгууллага улс төрөөс ангид ажиллах нь амин хэрэгцээтэй зүйл юм. Шинэчлэлд энэ зүгт хийгдэнэ гэдэгт найдаж байна.

Шүүгчийн хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх, хангах олон арга хэрэгсэл бий. МАН-ын санал болгож буй “шүүгч бүрт хувийн хэрэг нээж, оноо тооцох” санал бол хамгийн муу хувилбар тул татгалзах ёстой.

Хэвлэлийн эрх чөлөө хамгийн шаардлагатай үе ирлээ

Олон жил яригдаж, төсөл нь хүртэл гарсан ч батлагдаагүй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ашгүй ирэх 4 жилд батлагдах нь. Үнэн байгаа? Сөрөг хүчингүй, нэг нам дангаар засаглах он жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг чухлаас чухал. Хуучин энэ намыг засаглаж байх үед хэвлэлийн хуудаснаас Н.Энхбаяраас өөр хүн гардаггүй байж билээ. Ямар сайндаа нэг шар сонингийн нүүрэнд түүний нэр орсон 5 гарчиг, 6 зураг байсан бодит түүх бий. Сайн ч бай, муу ч бай асуудлыг хэлэлцэж байх тусмаа л сайн байдаг.

Үргэлжлэл бий… 

Чимэдцэрэнгийн Бат-Уянга.  Хуульч мэргэжилтэй. Бодлогын судлаачаар ажилладаг.